Saturday, February 25, 2012
1 жилийн өмнө бичиж байсан нэг иймэрхүү эссэ байна.
“ Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба
Нягтлан Бодох Бүртгэл ”
Өчигдрөөс өнөөдөр ,
өнөөдрөөс маргааш
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байсан Монголчууд 1206 онд Их тулгар төрөө байгуулан , Манжийн
дарлалд 220 жил цус , нулимс , хөлсөө асгаруулан , 1911 онд эрх чөлөөнийхөө
далбаааг мандуулан, 1921 онд үндсэн хуулиа тунхаглан , 1990 онд ардчилалын
салхийг сэвэлзүүлсний эцэст хөгжлийн их гараан дээр ирлээ. ОХУ , БНХАУ хэмээх 2
их гүрний дунд Азийн цээжнээ орших Чингэсийн Монгол өвөг дээдсийнхээ өвлүүлсэн яндашгүй
их уудам нутгийнхаа хэвлий дор, цаглашгүй арвин баялгаараа дэлхийн нийтийн
анхаарлыг эрхгүй нэг булаана. Даяаршиж буй өнөөгийн хүний нийгэмд Таван толгой
, Оюу толгой хэмээх томоохон орд газруудаа ашиглалтанд оруулах , улмаар Монголын
иргэн бүрт хүртээх 536 ширхэг давуу эрхийн хувьцааны сургаар унтаа байдалтай байгаа Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
идэвхжиж эхэллээ. Түүнийг даган Монголын
компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалтыг босгон үйлдвэрлэл
явуулан эхлэвэл Монголчуудын эдийн засгийн чадамж дээшлэх нь эргэлзээгүй. Харин
нар дэлхийн нэг талыг гийгүүлж байхад нөгөө талд нь шөнө ноёлж байдгийн адилаар энэ сайхан хөгжлийг даган хүрээлэн
буй орчин , байгаль экологийн асуудал , хүн амын шилжилт хөдөлгөөн, үндэсний
аюулгүй байдал, баян ядуугийн ялгаа , эрх мэдэл хөрөнгийн төлөөх тэмцэл зэргийг
дурьдахгүй байхын аргагүй. Дэлхийн нийтийн түүх болсон Голланд өвчин , Африкийн
эмгэнэл ч үүнийг бэлхэн гэрчилнэ. Монголчууд
бид 1990 оны хувьчлалаар өөрт оногдсон ягаан цэнхэр тасалбараа ядуугийн зовлон,
юм мэдэхгүйн гайгаар өдрийн хоолоороо
сольсон туршлагатай улс билээ. Иймд Монголчууд бид суусан “Хөгжлийн буухиа галт
тэрэг”-нийхээ чиглэлийг өнөөдрөөс
өчигдөр лүү бус өнөөдрөөс маргааш руу
чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зөв ууланд авирах уу,
ууланд зөв авирах уу
Зарим тоон мэдээг сонирхвол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30-иад
хувийг уул уурхай, олборлох үйлдвэрлэл, 20-иод хувийг хөдөө аж ахуйн салбар, 5
хүрэхгүй хувийг барилгын салбар эзэлж байна. Харин нийт ажилчдын 5 хүрэхгүй
хувь нь уул уурхай, ашигт малтмалын салбарт , 40-өөд хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Хэдийгээр
энэхүү тооноос харахад хөдөө аж ахуйн салбар нь уул уурхайн салбараас бүтээмж
болон үйлдвэрлэлээрээ доогуур харагдаж байгаа боловч дэлхийн хүн амын хурдацтай
өсөлт, тэдний эрүүл , экологийн бүтээгдэхүүнийг эрхэмлэх чиг хандлага , хүнс
тэжээлийн хомсдож буй нөхцөл гэх мэт шалтгааныг харгалзан үзвэл хамгийн
ирээдүйтэй салбар юм. Уул уурхайн салбар
нь олдог орлогоороо их боловч мөн гарч болох зардал нь хамаагүй өндөр . Уул
уурхай нь байгаль экологийн хувьд их хөнөөлтэй бөгөөд нөхөн сэргээлтийн зардал
их , тэгээд нөхөн сэргээлээ гэхэд хэзээ ч эргэж хуучин шигээ болдоггүй нь
дэлхийн туршлага харуулсан .
Дэлхийн одоогийн хөдөө аж ахуйн
салбарын хөгжлийг Монголтой харьцуулбал тэнгэр газар шиг байгаа ялгаа , манай цаг уурын нөхцөл газар тариалан эрхлэхэд
төдийлөн тохиромжтой бус зэрэг нь бидний сул тал . Мөн үйлдвэрлэлийн хамгийн
чухал нөөц болох ажиллах хүчний талаар дурьдвал манай хөдөө аж ахуйн салбарт агрономч
, зоо техникч , механикч гэх мэт мэргэжилтнүүд хангалттай байгаа боловч тэднийг
удирдан чиглүүлэх тухайн салбарын онцлогыг мэддэг эдийн засагч , санхүүчид
дутагдалтай байна. Хэдийгээр тийм боловч уг асуудлуудыг шийдвэрлэх жилийн ямарч
цаг агаарын нөхцөлд тэсвэртэй ургадаг газар тариалангийн шинэ сортууд, шинэ
техник технологи , жилийн дөрвөн улиралын мал аж ахуйн фирмерийн үйл ажиллагаа
гэх мэт дэлхийн туршлагыг эх орондоо нэвтрүүлбэл Япон улс цагаан будаа , АНУ
эрдэнэ шиш , Франц улс дарс үйлдвэрлэлээрээ брэнд болон танигдсан шиг Монголчууд
бид Монгол гэх брэндийг бий болгох нь гарцаагүй.
Алтыг усаар орлуулж болохгүй нь чин үнэн. Гэвч бидэнд мөнгө хэрэгтэй байгаа нь өнөөдрийн
байдал . Иймд Монголчууд бид дан ганц
уул уурхайгаа шүтээд байлгүйгээр , зөв
бодлого баримтлан , уг салбараас орж ирэх хөрөнгөөр бусад салбараа ялангуяа
хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгтэй юм. Зөв ууланд , зөв авирах хэрэгтэй.
Далайд дусал нэмэр
Сар болгоны 15-наас эхлэн өглөө нар мандахаас
жаргах хүртэл банкны үүдийг сахих хэдэн
зуун хүмүүсийг хараад бидний үеийнхнийг төрсөн үе буюу аав ээжийн маань яриад
байсан нөгөө картын барааны өдрүүд гэдэг нь ийм л байсан байхдаа гэсэн бодол
төрнө . Сарын 21000 , өдрийн 700 төгрөгөөр хүн юу хийж болох вэ гэсэн асуулт
толгойд эргэлдэнэ. Эх орноосоо хишиг гуйх бус эх орныхоо төлөө зүтгэх ёстой мэт
санагдана. Би бол автобусны цонхоор өнөөгийн нийгмийн амьдрал болох ийшээ ч , нэг тиишээ ч нэг
яаран гүйлдэх хүмүүс, гуйлга гуйх жаал, том машин унасан дарга, архи уусан зарим нэг аав ээж нарыг хардаг
жирийн нэг хүн. Би Монголын ирээдүйн төлөө бэлтгэгдэж буй мянга мянган оюутан
залуусын нэг. Тэр дундаа Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд нягтлангийн мэргэжлээр
суралцдаг оюутнуудын нэг би. Миний сонгон суралцаж буй мэргэжлийн ойрын хэдэн арван жилийн хэрэгцээ аль хэдийн
хангагдчихсан. Мөн нөгөө талд нь Нягтлан бодогчийн мэргэжил цаг ямагт эрэлт ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлт нь
илүүдчихсэн хэрнээ эрэлтийг хангах чадварлаг боловсон хүчин дутагдалтай
байна. Гэхдээ би үүнийг үл харгалзан
сурдаг сургууль , суралцаж буй мэргэжлийнхээ онцлогийг нэгтгэсэн шилдэг мэргэжилтэн,
чадварлаг нягтлан бодогч болохын тулд хичээдэг, мөн чадна гэдэгтэй бүрэн
дүүрэн итгэлтэй явдаг оюутан.
Би бол маргаашийн төлөө цохилох зүрхтэй Монголын
жирийн нэгэн иргэн.
Далайд дусал нэмэр.
ХААИС-ЭЗБС-НББ-3 ангийн оюутан
Х.Батхүрэл
Subscribe to:
Posts (Atom)